“Шинэ үе” сургууль олон улсын IB хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхээ авлаа.

Сүүлийн жилүүдэд дэлхийн аль ч оронд орчин үеийн боловсон хүчнээс шаардагддаг шалгуурууд улам нарийсч, ихэссэн талаар судалгаа их байдаг. Монголд ч мөн адил их сургуулиа төгсөж байгаа залуу боловсон хүчнээс төрөл бүрийн мэдлэг, олон хэлээр харилцах чадвар, аливаад шүүмжлэлтэй хандах, судалгаа шинжилгээ хийх чадвар гээд олон зүйлийг хүсдэг болж байна. Үүнтэй холбоотойгоор манай сургуулийн хамт олон ч биднийг зорин ирж байгаа эцэг эх, сурагчдад хамгийн эзэмшвэл зохих шилдэг олон улсын боловсролын хөтөлбөрийг судалсны эцэст IB Diploma хөтөлбөрт 2016 оны 7-р сараас эхлэн горилж эхэлсэн.

Өнгөрсөн 2 жилийн турш бид сургуулийн дотоод бүтцээс эхлээд анги танхимийн тохижилт, багш нарын сургалт гээд бүх шатанд хэрэгцээтэй өөрчлөлтүүдийг хийж, IB хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагад байх ёстой бүх стандартуудыг биелүүлсэн. Ингэсний эцэст 2018 оны 10-р сарын 14-с эхлэн олон улсын IB хөтөлбөрийн ахлах ангийн 2 жилийн Диплом хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэгч 4 дэх сургууль, харин энэ 4 сургууль дундаа анхны Монгол сургууль болж байна.

https://www.ibo.org/school/052409/

Манай сургуульд элссэн сурагчид 10-р ангиа төгсөөд англи хэлний TOEFL Junior-н шалгуурыг давсан тохиолдолд АйБи Диплом хөтөлбөрт 100% элсэн орох боломжтой бөгөөд тус хөтөлбөрийн шаардлагыг биелүүлсэн сурагчид хоёр гэрчилгээтэй (Бүрэн дунд боловсролын гэрчилгээ ба олон улсын АйБи Диплом) төгсөх боломжтой. Хэдийгээр гадаадын их дээд сургуулиудад суралцах төлөвлөгөөгүй ч гэсэн энэхүү IB хөтөлбөр нь сурагчдыг эзэмших мэргэжлийнхээ дагуу сонгосон суурь хичээлийг гүнзгийрүүлэн судладаг, дүн судалгаа хийж, том хэмжээний эссе болон илтгэл бичдэг, хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцдог, урлагийн ойлголттой, мэдрэмжтэй байхад сургадаг тул аль ч их сургуулийн бэлтгэлийг маш сайн хангасан дэлхийн иргэнийг бэлдэхийг зорьдогоороо давуу талтай юм.

Comments are closed.