Доктор Б.Батцэнгэл манай зөвлөх багшаар ажиллана.

Монголын математикийн хорооны гишүүн, доктор Баасанжавын Батцэнгэл 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн манай сургуулийн үүсгэн байгуулагч Ардын багш Ү.Маамын урилгаар математикийн тэнхимийн зөвлөх багшаар ажиллах боллоо.

Авьяас гэж яриад байгааг би ойлгодоггүй. Зөв сэтгэлгээ, логик дараалал, хаанаас эхлэх вэ гэдгийг мэдрэх мэдрэмжийг авьяас гэдэг байж болох юм. Бодлогыг буруу аргаар эхэлдэг атлаа зөв рүүгээ шилжээд бодчихдог хүүхэд байдаг. Шууд зөв аргаа олдог нь ч бий. Өөрөөр хэлбэл бодлогыг мэдэрдэг мэдрэмж хүүхэд болгонд өөр байдаг. Зохиолчдын онгод гэдгийг хүн шууд тодорхойлж чадахгүй, түүнтэй л адилхан байх.

– “Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧИХДАГ”, Өдрийн Сонин, 2017-11-30
DNN.MN

Тэрээр бага сургуулийнхаа нэг, гурав, тавдугаар ангийг алгасаад 10 жилээ долоон жилд сурч төгсөөд 14 настайдаа МУИС-ийн математикийн ангид орж байсан. Тухайн үед Монголд тооны онолын мэргэжилтэн гэж байгаагүй болохоор МУГБ, математикийн ухааны доктор, профессор Ц.Дашдорж түүнийг тооны онолын чиглэлээр бэлтгэсэн. Ингэж их сургуулийн дөрөвдүгээр курсээс эхлэн МУИС-д тооны онолын хичээл зааж эхэлснээр ажлын гараагаа эхэлж байжээ.

Боловсрол гэдэг нь хэсэг бүлэг хүмүүсийн мэдлэг, чадвар, үнэ цэнэ, итгэл үнэмшил, дадал хэвшил нь нөгөө хэсэг бүлэг хүүхдүүдэд (хүмүүст) шилжин очих үйл явцыг хэлдэг. Энэхүү үйл явцыг төрөл бүрийн арга хэрэгслээр дамжуулан хүргэдэг бөгөөд үүнд ярилцах, зааж өгөх, өөрийн биеэр харуулж үзүүлэх, бэлтгэн сургах, судлах/судлуулах зэргийг нэрлэж болно. Хэн нэгний бодолд (эсвэл байгаа байдалд) ямар нэгэн байдлаар эерэгээр нөлөөлж чадаж байвал тэр нь боловсролын үйл гэж үзэж болдог.

Иймд манай сургууль салбартаа тэргүүлэгч мэргэжлийн хүмүүсээр багш сурагчиддаа зөвлөгөө авч, нэг хүүхдийн ч гэсэн ирээдүйд эерэг нөлөө үзүүлэхүйц боловсролын үйлийг хийхийг зорьж байна. Б.Батцэнгэл багш маань Монголын ирээдүйд хувь нэмэрээ оруулах бидний үйл ажиллагааг дэмжин манай сургуультай хамтран ажиллах болсонд манай сургуулийн хамт олон маш их баяртай байна.

Comments are closed.